•  | 

Бидний тухай

Майнинг Инсайт нь уул уурхай, эдийн засгийн аналитик мэдээллийн сэтгүүл юм. 2021 оноос сар бүр тогтмол хэвлэгдэн гарч эхэлсэн. Бид Монголын уул уурхайн салбарын талаар болон дэлхийн уул уурхайн салбарын өөрчлөлт, шинэ хандлагын талаарх судалгаа бүхий бүрэн дүүрэн, цогц, тогтмол бодитой мэдээллээр олон нийтийн хэрэгцээг хангах, хэлэлцүүлэг өрнүүлэх нийтлэлийн бодлого баримталж буй бие даасан хараат бус редакц юм.

МАНАЙ БАГ
Сэтгүүлийн редакцийг уул уурхай, эдийн засгийн сэдвээр 5-12 жил мэргэшин бичиж буй туршлагатай, чадварлаг сэтгүүлчид, судлаачдын баг бүрдүүлдэг. Мөн салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүд сэтгүүлийн Бодлогын зөвлөлийг бүрдүүлж, мэргэжлийн зөвлөгөөгөөр редакцийг дэмжин ажилладаг. Бид хүртээмжтэй, тогтвортой уул уурхайн хөгжил, төлөвшилд хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна. 

ШИНЭ ТӨСӨЛ
Майнинг Инсайт сэтгүүлийн баг дараагийн шинэ төсөл буюу шинэ сэтгүүлийн ажил эхлүүлж байгааг дуулгахад таатай байна. Сэтгүүлээс салбарлан гарах Энержи Инсайт сэтгүүл нь эрчим хүч, түүнийг тойрсон асуудлуудад төвлөрөхийн сацуу сэтгүүл зүйн анхаарлыг эрчим хүчний сэдэвт хандуулахыг эрмэлзэж байна. Түүнчлэн эрчим хүчний мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ажиллана. Энэ оны 4 дүгээр улиралд бид шинэ сэтгүүлээрээ Та бүхэнтэй уулзах бөгөөд хамтран ажиллахыг урьж байна. 

MINING INSIGHT 2023 ОНД

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА

Улиран одож буй оны сүүлийн өдрүүд ер бусын онцгой. Ерийн бус ийм өдрүүдээр хэн бүхэн өнгөрч буй жилд хийж бүтээснээ эрхгүй эргэцүүлдэг. Яг л түүн лүгээ нэгэн он дуусах энэ мөчид хамт олныхоо хийж бүтээсэн бүхнийг эргэн санаж тэмдэглэн үлдээлээ. Mining Insight 2023 оныг амсхийх завгүй, бүтээл дүүрэн үдэж байна. Энэхүү яаруу хэмнэл дунд завгүй хөдөлмөрлөсөн сэтгүүлчдэдээ, редакцийн багийнхандаа, хамтдаа зүтгэсэн хүн болгонд шинэ оны мэнд хүргэе. Mining Insight-ийн 2023 онд хүрсэн гол амжилт бол олон улсын хурал чуулганы хэвлэл мэдээллийн түншлэлээ өргөжүүлсэн явдал. Гуравдугаар сард Торонтод нээгдсэн PDAC, тавдугаар сард Брюсселд зохиогдсон RawMaterials буюу Европын Түүхий эдийн чуулганд Mining Insight-ийн сэтгүүлчид оролцоод ирсэн. Уул уурхайн салбарынхны хамгийн том арга хэмжээний индэр PDAC-ийг 2022 онд сурвалжлах үеэрээ Mining Insight-ийнхан Зохион байгуулах хороотой мэдээллийн түншлэл эхлүүлж байв. Уг түншлэлийн хүрээнд тогтмол хамтын ажиллагаа үүсгэн, PDAC-ийн хэвлэл мэдээллийн түншээр бид гурав дахь жилдээ ажиллаж байна. Үүний зэрэгцээ түншлэлийн хүрээгээ Европ руу тэлж, Raw Materials Summit-ийн мэдээллийн түншээр ажиллах урилга хүлээн авсан юм. Европ дахь уул уурхайн салбарын гол арга хэмжээтэй хамтран ажиллах болсноор EIT RawMaterials-аас зохион байгуулдаг Түүхий эдийн дээд хэмжээний уулзалтыг сурвалжлан бичиж, онцлох мэдээллүүдийг уншигчдадаа хүргэсэн билээ. Мөн Европын Холбоо болон Австрали улсад зохион байгуулагддаг Digitalization in Mining хурал, World Resources Forum буюу Дэлхийн нөөцийн чуулган, 35 жилийн туршлагатай Select Global Events байгууллагаас зохион явуулдаг хамгийн том арга хэмжээний нэг The Magnetics show-ны албан ёсны мэдээллийн түншээр ажиллалаа.

Ташрамд The Magnetics show-ны Хойд Америкийн бүсийн чуулга, үзэсгэлэн Лос Анжелес хотноо (2024.05.22- 23) болно. 2023 оны Дэлхийн нөөцийн чуулган есдүгээр сарын 4-6-нд Швейцарын Женев хотноо нээгдэж, танхимаас гадна цахим хэлбэрээр оролцох боломжтойгоор явагдсан. Уг хамтын ажиллагааны хүрээнд Mining Insight сэтгүүл онлайнаар чуулганд оролцох эрхийг зарим уншигчтайгаа хуваалцсан юм. Мөн Шведийн Стокгольм (2023.08.29-30), Австралийн Перт хотноо (2023.11.21-22) нээгдсэн “Digitalization in Mining” хурлын мэдээллийн түншээр ажиллаж, уншигч, захиалагчдадаа хямдралтай бүртгэлийн эрх олгожээ. Эдгээр түншлэл ирэх жилүүдэд цар хүрээгээ улам тэлж үргэлжилнэ. Хилийн чанад дахь уул уурхай, хөрөнгө оруулалт, критикал минералын чиглэлийн гол хурлуудын онцлох мэдээллүүдийг Монголын уул уурхайн салбарынханд хүргэх ажлыг манай багийнхан ийнхүү чармайн гүйцэтгэжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан уул уурхайн бүхий л хурал уулзалтыг сурвалжлан мэдээлэв. Мөнхүү AustCham Mongolia-гийн “Corporate Member” зэрэглэлд гишүүнчлэлтэй болж, ГерманМонголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ)- нд гишүүнээр элсэж, зорилго чиглэл нэгдсэн үйл ажиллагаан дээр хамтарч байна. Сэтгүүлийн өргөжин тэлэлт, ялангуяа олон улсын хэмжээнд сэтгүүлээ танилцуулахад Mining Insight-ийн О.Батболдын хувь нэмэр чухал байлаа. Түүний хичээл зүтгэлээр дэлхийн уул уурхай, геологи хайгуул, хөрөнгө оруулалтын томоохон хурал, экспо зэрэгт Mining Insight сэтгүүл мэдээллийн түнш, хамтрагчаар тогтмол оролцох болсноор Монголын уул уурхайн салбарын мэдээллийг Монголын дуу хоолой, эрх ашгийн үүднээс дэлхий нийтэд түгээх бидний мөрөөдөл зорилго бодит ажил хэрэг болж эхэлсэн билээ. 2010 оноос хойш уул уурхайн салбарын асуудлаар тасралтгүй бичиж буй мэргэшсэн туршлагатай сэтгүүлчид манай редакцийг бүрдүүлдэг нь бидний бахархал юм. Тэдний нэг нь Э.Оджаргал сэтгүүлч. Монголын уул уурхайн мэдээллийг Монголоор хязгаарлахгүйгээр өргөн хүрээнд хүртээмжтэй түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж явааг нь үнэлэн О.Батболд, Э.Оджаргал нарыг маань он солигдох үеэр салбарын тэргүүний хүндэт тэмдгээр шагнасанд манай редакцийнхан ихээхэн урамтай байгаа.

Бас Mining Insight-ийн 2023 оны тэргүүн бичлэгийн эзнээр С.Болд-Эрдэнэ шалгарсныг дуулгая. Сэтгүүлчийн ажил мэргэжил эзэмшсэн хэн бүхний хувьд хүрэхийг зорьдог хамгийн нэр хүндтэй, нүүр бардам эзэгнэдэг өргөмжлөл бол редакцийн тэргүүн бичлэгийн шагнал байдаг. Уншигч та санаж буй бол Mining Insight сэтгүүл 2023 онд 1990 оноос хойш олборлосон ашигт малтмалын хэмжээг анх удаа танилцуулсан. Үндэсний статистикийн хорооны жилийн тайлангаас дээрх мэдээллийг шүүж, 33 жилийн олборлолтын хэмжээг гаргаж ирсэн юм. Ил байгаа тоон мэдээллийг нэгтгэн боловсруулж, дүн шинжилгээ хийсэн С.Болд-Эрдэнэ сэтгүүлчийн нөр их хөдөлмөр байв. Задлан шинжилсэн материал, мэргэжлийн сэтгүүлчийн дүгнэлт гэж чухам С.Болд-Эрдэнийнх шиг нийтлэлийг хэлдэг. Тиймээс ч Mining Insightийн агуулгыг баялаг, чанартай болгодог түүний нийтлэлүүдэд 2023 оны шилдэг бичлэгийн шагнал очсон юм. Бид улиран өнгөрч буй онд үйл ажиллагаагаа зөвхөн нийтлэл, мэдээллээр хязгаарласангүй. Монгол нүүрс ассоциацийн захиалгаар “Монгол нүүрс 2023” тайланг боловсруулсан. Дэлхийн нүүрсний зах зээлд томоохон өөрчлөлт оруулсан 2022 оны байдлаар Монголын нүүрсний үйлдвэрлэлийн гол тоон мэдээллийг эмхэтгэж, нэгтгэн тоймлосон энэ ажлын туршлагадаа бид таатай байгаа. Манайд нийтлэг байдаг мэдээллийн зөрүүтэй байдал ихээхэн сорилт бэрхшээл учруулсан ч цаашид ийм ажлыг улам чансаатай хийх туршлагыг бидэнд үлдээсэн нь чухал байлаа.

Mining Insight сэтгүүл энэ онд Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)-тэй хамтран Булганы Бүрэгхангай, Дорноговийн Алтанширээ, Дундговийн Хулд суманд уул уурхай ба орон нутгийн харилцаанд тулгамдаж буй асуудлаар судалгаа хийж, туршилтын төсөл хэрэгжүүлсэн. Геологи, уул уурхайн үйл ажиллагааны цар хүрээ, гарааны нөхцөлийн хувьд ихээхэн ялгаатай 3 суманд орон нутгийн харилцааны төслийг туршин хэрэгжүүлэх боломжийг АМЕП хөтөлбөрөөс олгосон юм. Нутгийн иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцүүлэн, Мэдээлэх, Зөвлөлдөх, Оролцуулах, Хамтарч ажиллахын бодит алхмыг туршин хэрэгжүүлснээрээ бидний хувьд бас нэгэн чухал туршлагыг хуримтлуулж чадлаа. Одоо бид Energy Insight шинэ сэтгүүл эрхлэн гаргахаар ажиллаж байна. Улаанбаатар цасан гоёлоо зүүж, шинэ жилийн эрхэмсэг хөнгөн уур амьсгал ноёлсон энэ өдрүүдээр эхний дугаараа бэлтгэж байна. Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт, түүнийг тойрсон асуудлуудад төвлөрөхийн сацуу сэтгүүл зүйн анхаарлыг эрчим хүчний сэдэвт хандуулахыг эрмэлзэн, олон олон ажил төлөвлөсөн. Он солигдох мөчид бид шинэ сэтгүүлээрээ та бүхэнтэй уулзана.

Өдөр тутмын мэдээ мэдээллээс илүүтэй аль болох төвийг сахисан, задлан шинжилсэн, хандлагыг тодруулсан бүтээл унших шаардлага хэзээ хэзээнээс илүү чухал болж буй энэ үед Mining Insight-ийнхан хийж байгаа бүхнээ шат ахиулан, хурд нэмснийг эргэн харахад сайхан байна. Өнөө цагийн уншигчийн эрхэмсэг хэрэглээ болж хувирсан хэвлэмэл сэтгүүлийн орон зайд мөрөө тодхон гаргахын төлөөх амаргүй сорилтыг ямар их хүч хөдөлмөрөөр туулдгийг мэдрүүлсэн 365 өдөр байлаа. Хамгийн том баярыг хамт олондоо хүргэе.